ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО
Буцах
2015-12-06

Хорин жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа санаачилж “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ”-т хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил 13 дахь удаагаа амжилттай  зохион байгуулагдаж, шилдэг 100 оюутан 2015.11.07-ны өдөр тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
 
Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залуусын хувьд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа сорих боломжийг олгодог, өндөр нэр хүнд бүхий үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр шилдэг 100 оюутныг мэргэжил харгалзахгүйгээр тодруулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд  нийт 1200 орчим оюутанд 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.
 
Өмнөх жилүүдийн шалгаруулалтад тухайн оюутны зөвхөн сурлагын голч дүн, гаргасан амжилт зэргийг нь харгалздаг байсан энэ жил Голомт банкны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын засгийн газраас зарласан хамгийн эрэлт, хэрэгцээтэй 20 мэргэжлээр суралцаж буй мөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнуудыг сурлагын голч дүн, хэддүгээр дамжаанд суралцаж буйг нь үл харгалзан хамруулснаараа онцлогтой явагдсан юм.

Энэ удаагийн  шалгаруулалтад нийт 23 магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 500 орчим оюутан өрсөлдөж, шилдэг 100 оюутан шалгарснаас МУИС, СЭЗДС-ийн оюутнууд 48%-ийг,  санхүүгийн удирдлага, олон улсын харилцааны  мэргэжлээр суралцаж буй оюутнууд 44%-ийг нь эзэлж байна.
 
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, эрдэм шинжилгээний бага хуралд оролцох, сургуулиа дүүргээд тус банкинд ажиллах эрхтэй болдгоороо томоохон давуу талтай юм.
Эрдэм мэдлэгээр гоёж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн оюутан залуустаа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах Монгол Улсын шилдэг иргэн болох ерөөлийг Голомт банкны  ах эгч нараас нь тавьж байна!
 
ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ШИЛДЭГ 100 ОЮУТАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!