АХБ: 7 сая $-ын хөрөнгө оруулалттай ГУРВАН ТӨСӨЛ Монголд хэрэгжүүлнэ
Буцах
2016-01-27

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 7 сая ам долларын өртөгтэй буцалтгүй тусламжийн гурван төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

  • Төслүүд нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин, иргэдийн амьжиргааг сайжруулах,
     
  • Монголын алслагдсан баруун бүсэд сургуулийн загвар дотуур байруудыг байгуулж нэвтрүүлэх,
     
  • Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. 

Эдгээр гурван төслийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах япон сангаас санхүүжүүлж байгаа ба уг сан нь Монгол Улсад сүүлийн 16 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, иргэдийн амжиргааг дээшлүүлэх болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн төсөлд дэмжлэг үзүүлжээ. 

Төслүүдийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б. Болор, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлж Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр зурж, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү оролцлоо. 

“Хөвсгөл нуурын төсөл нь АХБ-ны Монгол дахь анхны аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй төсөл бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэнэ” хэмээн Р. Шоэллхаммэртэмдэглэлээ.

“Дотуур байрны төсөл нь хүүхдүүдэд, тэр дундаа малчдын хүүхдүүдийн дунд чанартай боловсролын тэгш хүртээмжийг сайжруулахад туслах юм. Техник туслалцааны төсөл нь төслбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах тогтвортой арга замуудыг боловсруулж, Улаанбаатарын хурдацтай тэлж байгаа ядуу хорооллуудад “ногоон” дахин төлөвлөлтийн шийдлүүдийг гаргана. Эдгээр төслүүд  ядуурлыг бууруулах, амьжиргааг сайжруулах болон байгаль орчныг хамгаалах гол салбар, бүс нутгуудад төвлөрөх Засгийн газар, АХБ-ны өргөн хүрээний ажлын тусгал болж байна.”

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар нь Монголын хамгаалалттай газрын дунд байгалийн үзэсгэлэнгээрээ ямагт тэргүүлж ирсэн. Нуурыг тойрон 1 сая гаруй га ой мод, мөнх цаст уулс сүндэрлэдэг ба нуур нь улсын цэнгэг усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг агуулна. Нуурын цэнгэг ус нь Монгол Улсын хувьд маш чухал ач холбогдолтой бол цогцолбор газрын онгон дагшин байгаль, байгалийн олон янз байдал нь дэлхийн хэмжээний ач холбогдолтой.  

Уг төсөл нь бэлчээрийн менежментийг сайжруулж, нуур орчмын байгалийг хамгаалах арга хэмжээ авахын зэрэгцээ цогцолбор газар болон зэргэлдээ амьдардаг нутгийн хүн амд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төвлөрнө. Мөн ард иргэдийн өөрсдөө удирдах эргэлтийн санг туршин нэвтрүүлж, цогцолцор газрын удирдлага, нутгийн иргэдийн дунд аялал жуулчлал, цогцолбор газрын менежмент, иргэдэд түшиглэсэн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх арга хэмжээг авна. 

Монгол Улсын дотуур байрны тогтолцоог анх боловсролын хүртээмжийг нэн ялангуяа малчдын хүүхдүүдэд нэмэгдүүлэхээр байгуулсан байдаг. Гэвч 1970, 1980-аад онд баригдсан дотуур байрнуудад удаан хугацаанд хөрөнгө оруулалт бараг хийгдээгүйгээс болж сурагчид амьдрахад таагүй, баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламж, халаалт, нар, салхи, борооны хамгаалалтгүй орчин болгожээ. Мөн сурагчдын хөгжил, сурлагыг хянах, харж хандах чадвартай боловсон хүчин байдаггүй зэргээс болж алслагдсан хөдөөгийн эцэг эхүүд бага насны хүүхдүүдээ сургууль явуулах дургүй байдаг аж. 

Буцалтгүй тусламжийн төслөөр дамжуулж Говь-Алтай, Увс, Завхан гэх баруун гурван аймгийн дотуур байрны амьдрах орчин, үйлчилгээг байшин барилга, ариун цэврийн байгууламж, багш, ажилчдын чадавхийг бэхжүүлэх болон дотуур байрны орчинг сайжруулах үндэсний стратеги, бүрэн стандартыг боловсруулах замаар сайжруулна. Монголын баруун бүсэд бусад таван бүстэй харьцуулахад хамгийн их тооны сурагч дотуур байранд амьдардаг ба тэдний 80 хувь нь малчдын хүүхдүүд байдаг байна. 

Техникийн туслалцаа нь Улаанбаатар хотод хэвшлийн хөрөнгө оруулалтыг ашиглан төлбөрийн чадварт нийцсэн “ногоон” орон сууцыг зах зээлд нийлүүлэх шийдлүүдийг гаргах, төлбөрийн чадварт нийцсэн, ногоон хотын тогтвортой хөгжлийн бодлого, арга хэрэгсэл, стандартыг боловсруулах юм.

Улаанбаатар хотын амьдралын чанарыг сайжруулах, тэр дундаа хотын 1.3 сая иргэдийн 60 хувийн амьжиргаанд шууд нөлөөлөх гэр хороололд стандартын шаардлагад нийцэхгүй сууцын нөхцлийг сайжруулах нь Монголын Засгийн газрын тэргүүний зорилтуудын нэг билээ. Энэхүү төсөл нь нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын оршин суугчдын дэд бүтэц, амьдрах орчинг сайжруулахаар Засгийн газар, Улаанбаатар хотын захиргааны авч буй олон санаачилгуудын нэг юм. 

Ядуурлыг бууруулах япон сан нь 2000 онд байгуулагдсан ба АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын хамгийн ядуу иргэд, эмзэг хэсгийнхэнд шууд чиглэсэн буцалтгүй тусламжийг олгож, нийгэм-эдийн засгийн урт хугацааны хөгжлийг дэмжин ажилладаг юм. 

Манила хотод төвтэй АХБ нь эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа хангах замаар Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад ядуурал бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. АХБ 1966 онд анх байгуулагдаж 67 гишүүн орон нэгдсэн байдаг бөгөөд 48 нь тухайн бүс нутгийн орнууд юм.

 

Эх сурвалж: www.ikon.mn