З.НАРАНТУЯА: КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
Буцах
2015-09-23

Монгол улсын банк санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд төр засгийн зүгээс хууль эрх зүй, зохицуулалтын чухал ажлууд шат дараатайгаар хийгдсэний үр дүнд өнөөдөр манай оронд Кастодиан банк хэмээх цоо шинэ үйлчилгээ нэвтрэх таатай нөхцөл бүрдээд байгаа юм.

Тэгвэл Кастодиан банкны үйлчилгээний ач холбогдол болон Хөрөнгийн зах зээлийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяатай цөөн хором ярилцсанаа хүргэе. 

- Манай улсын үнэт цаасны зах зээлийг зөв гольдролоор нь хөгжүүлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ? 

- Хөрөнгийн зах зээлийг зөв хөгжүүлэхийн тулд эхлээд дэд бүтцээ засах хэрэгтэй байна. Юун түрүүнд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ)-ийг үнэт цаасны бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийдэг сонгодог утгаар нь хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тооцооны буюу Клирингийн төвийг нь салгаж, бие даасан байдлаар ажиллуулах, анхдагч болон хоёрдагч арилжааны платформаа уялдуулах, арилжааны мэдээллийг real-time горимд оруулах, арилжааны захиалга хэрэгждэг явц болон үнэ тогтоох нөхцөлийг зөв бүрдүүлэх хэрэгтэй байна. Зах зээлийг бүхэлд нь хянах хяналтын тогтолцоог бий болгох чиглэлээр анхааран ажиллаж байна.

- Кастодиан банкны тухай дэлгэрэнгүй ойлголт өгөхгүй юу? Үйлчилгээ эрхлэх эрхийг хэд хэдэн арилжааны банкууд авсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн үү? 

- Кастодиан банк гэдэг нь бидний хувьд цоо шинэ ойлголт. Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчдын хувьд Кастодиан банк хамгийн чухал байгууллага юм.Манай улсад Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Кастодиан банкны үйлчилгээний эрх зүйн үндсийг тавьсан байгаа. Одоогийн байдлаар хэд хэдэн банк Кастодианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан. Энэ дундаас хамгийн анхны тусгай зөвшөөрлийг авсан Голомт банк бүртгэлийн системээ нэвтрүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Хоёр банк үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ үйлчилгээ хөгжих нэг алхам болж байна.

Кастодиан банк гэдэг нь бидний хувьд цоо шинэ ойлголт.

Хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн, хувийн бусад сангууд өөрийн сонгосонКастодиан банкинд худалдан авсан үнэт цаас, мөнгөө найдвартайгаар хадгалуулаад зогсохгүй, мэдээллийн нууцлал нь хамгаалагддаг гээд олон давуу талтай үйлчилгээг Кастодиан банк үзүүлдэг.

- Санхүүгийн зах зээл нь хөрөнгө оруулалт татах, өндөр өгөөж олох боломжтой, өргөн цар хүрээтэй ч манай иргэд, аж ахуйн нэгжүүд хуримтлалаа банкинд хадгалуулж хүүнээс ашиг олохоос хэтрэхгүй байна. Ер нь хөрөнгийн зах зээл иргэдэд ямар хэрэгтэй юм бэ? 

- Ажилладаг схемийг нь энгийн хэлбэрээр иргэддээ ойлгуулчих юм бол банкинд мөнгөө хадгалуулж, хүүгийн орлого олохтой яг ижил санхүүгийн үйлчилгээний төрөл байгаа юм. Төв банкнаас арилжааны банкуудад хяналт сайн тавьдаг учир найдвартай гэдэг талаас нь, мөн банкны үйлчилгээнд дассан учир иргэд банкинд мөнгөө хадгалуулж, харилцах дансаа байршуулдаг. Хэрэгтэй санхүүжилтээ өндөр хүүтэй, богино хугацаатай ч гэсэн авдаг.Гэтэл хөрөнгийн бирж дээр үндэсний компаниуд хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжтэй хувьцаа гарган арилжаалж байхад иргэд хөрөнгийн биржийн арилжаанд оролцох гэж, компаниуд хэрэгтэй санхүүжилтээ үнэт цаас гаргах замаар босгох гэж ирэхгүй байна. Энэ нь нэг талаас энэ үйлчилгээг ашиглаж, хэрэглэж дадаагүйтэй, нөгөө талаас арилжаа хийгддэг, хөрөнгө босгодог процедурийг нь сайн ойлгохгүй байгаатай холбоотой юм. Иргэдийн банкинд итгэдэг шиг санхүүгийн мэргэжлийн байгууллагуудад итгэх итгэл чухал байна.

- Манай улсын хөрөнгийн зах зээл, юунаас болж ийм байдалд хүрсэн гэж та боддог вэ? 

- Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хөрөнгийн зах дээр үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд маань мэргэжлийн түвшинд хүртлээ хөгжиж чадаагүй нь хууль эрх зүйн орчин, гадаад, дотоод бусад олон хүчин зүйлсээс хамааралтай.

Нөгөө талаас өмнөх үеийн цэнхэр, ягаан тасалбарын түүх хүмүүсийн хувьцаа эзэмшиж, арилжаа хийснээр ашиг олж болдог гэдэг итгэлийг ихээхэн эргэлзээнд оруулсан гэж хэлж болно. Харин одоо банк, санхүүгийн байгууллагуудын технологийн хөгжил тэр үетэй харьцуулшгүй өндөр түвшинд хүрч хөгжөөд байна. Мөн хууль эрх зүйн таатай орчин ч бүрдсэн. Бизнесийн утгаараа ч сонирхол татахуйц болж байна гээд олон нааштай талууд бий.

- Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжил шинэ шатанд гарч байна гэж үзэж болох нь ээ?

- Хөрөнгийн зах зээл эрсдэлгүй, өгөөжтэй байх нь хамгийн чухал асуудал юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юун түрүүнд энэ салбарт орж ирэхэд тавьдаг барреруудыг алга болгож, Easy access буюу зөвшөөрөл бүртгэлийн хялбар, автоматжуулсан хэлбэр лүү оруулах ажил хийгдэж байна.

Хоёрдугаарт, төлбөр хураамжийн дарамтыг бууруулах арга хэмжээг шат шатанд нь авч байна. Эцэст нь холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар татвар, гааль, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх саналыг боловсруулж байна.

Санхүүгийн чөлөөт бүс байгуулах, хөрөнгө оруулалтын өрсөлдөөнийг өрнүүлэх, эх үүсвэрийн өртгийг бууруулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар судалгааны ажлууд хийгдэж байна.

Мөн бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр далайцтай ажил хийгдэх шаардлагатай байгаа юм.

 Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжиж байгаа олон төслүүдэд энэ чиглэлийг хамруулж байгаа ч нэгдсэн мэдээлэл, статистик дата байхгүйгээс бодлого гаргагчид, зохицуулагчид, хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагааны уялдаа холбоос муу байгаа. Энэ нь эцсийн үр дүнд дорвитой амжилтад хүрч чадахгүйд хүргээд байна.

Иймд Хороо системийн хэмжээнд бүх оролцогч талуудын эрх ашгийн зангилааг нэгтгэж, зохицуулах үүргийг олон чиглэлд хэрэгжүүлж байна.

- Гадны банкууд орж ирснээр гадаадын хөрөнгө оруулагчид уг банкаар дамжуулж, хөрөнгийн зах зээл хөгжинө гэж ярьдаг. Энэ үнэн үү? 

- Хөрөнгийн зах зээлд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын банк болон сангууд байдаг. Би энэ чиглэлээр судалгаа хийгдэж, хууль эрх зүйн болон бусад ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгааг цухас дурьдсан. Иймээс гадаад дотоод гэж ялгахгүйгээр энэ салбарыг аль болох нээлттэй байлгах, уян хатан бодлогоор хөгжүүлэх нь зөв юм. Зохицуулалтынхаа арга хэрэгслээр зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг хянах эрх бидэнд байгаа. Ялангуяа гадаадын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангуудыг дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хэлбэрээр ажиллахыг, мөн тодорхой бүсэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, олон улсын хууль эрх зүйн хүрээнд хамгаалагдсан нөхцөлд орж ирж үйл ажиллагаа эрхлэх боломжийг эрх зүйн хувьд бий болгохыг бид дэмжиж ажиллана.

 

- Хөрөнгө оруулалтын сангууд эрх авсантай холбогдуулан тэдний үйл ажиллагаанд болон хөрөнгө оруулалтын зах зээл дээр Кастодианыг хэрхэн нэвтрүүлэх вэ? Танай байгууллагын зүгээс хийгдэж байгаа ажлууд? 

- Хөрөнгө оруулалтын менежментийн 4 компани СЗХ-оос эрхээ авсан. Одоо сангаа байгуулахаар ажиллаж байгаа гэж ойлгож болно. Сан байгуулахын тулд хуулийн дагуу Кастодиан банктай гэрээ байгуулах, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай болно. Кастодианы зүгээс сангийн хөрөнгийг хадгалахаас гадна гишүүдийнх нь нэгж эрхийн бүртгэлийг гүйцэтгэж найдвартай байдлыг хангах үүрэгтэй.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.