МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ БОЛЛОО
Буцах
2015-11-11

Өнөөдөр буюу 2015 оны 11-р сарын 11-ний өдөр “Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015”-г зургаа дахь жилдээ "Мандал Женерал Даатгал" ХХК, “Голомт банк”, “Монголын бизнесийн зөвлөл” хамтран Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа. Тус Форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал байдаг билээ.


“Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” нь дараах ерөнхий сэдвүүдийг хамран зохион байгуулагдлаа

  • 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
  • Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага
  • Байгалийн гамшгийн эрсдэл, гамшгийн бэлтгэл

Энэ удаагийн Форумын онцлог нь хямралын үеийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг эрсдэл багатайгаар даван туулах, бизнесээ тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн эрсдэлийн удирдлагын бодит жишээнүүдийг томоохон бизнес эрхлэгчдийн өөрсдийн амнаас сонсох, туршлага хуваалцахад оршиж байсан бөгөөд бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, хямралыг дагасан эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг гэх зэрэг ул суурьтай мэдээ мэдээллүүд тус форумын үеэр яригдсан юм.


Форумд Монгол улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тус форумд 350 хүн оролцуулахаар төлөвлөөд байсан  боловч 550 гаруй төр, бизнес болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүн, нэр хүнд, цар хүрээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж мөн цаг үеээ олсон чухал сэдвүүдийг хөндөж чаддагийг харуулж байна.