ГОЛОМТ БАНК КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Буцах
2015-12-10

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Голомт банкны санхүүгийн салбарт эзлэх байр суурь, эрсдэл даах чадвар, үйлчилгээний стандарт, хөрөнгийн зах зээлд чиглэсэн бизнесийн бодлого, амжилттай нэвтрүүлсэн технологийн шинэчлэл зэргийг нь харгалзан үзэж 2014 оны 8 сарын 24-ний өдөр Монгол Улсад анх удаа үнэт цаасны зах зээлд Кастодиан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон билээ.

 

Голомт банкны хамт олон өнгөрсөн хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвтэй хамтран үнэт цаасны зах зээлийн шинэ зарчмыг тодорхойлох, техникийн орчныг бүрдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах чиглэлээр олон ажил санаачлан гүйцэтгэснээс гадна дэлхийд санхүүгийн байгууллагын програм хангамжаар тэргүүлэгч Nomura Research Institute-тэй хамтран Кастодиан банкны системийг нэвтрүүлээд байна.

 

2015 оны 9-р сарын 24-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн Кастодиан банк нь цаашид харилцагчийн үнэт цаас, санхүүгийн бусад хөрөнгийг найдвартай хадгалж, өмчлөх эрхийг баталгаажуулах, үнэт цаасны төлбөр тооцоо, компанийн үйл ажиллагаа, орлого цуглуулалт, татварын тооцоолол зэрэг хөрөнгийн зах зээлийн арилжааны дараах мэргэшсэн цогц үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлж ажиллах юм.

 

Ийнхүү Голомт банк нь санхүүгийн зах зээл дэх өөрийн тэргүүлэгч байр сууриа дахин бататгаж, Монгол Улсад Кастодиан банкны үйлчилгээг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж эхэлснээр, Монголын хөрөнгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа дотоодын хөрөнгө оруулалтын сангууд үүсч хөгжих, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны арилжаа идэвхижих үүд хаалга нээгдэж байна.